Ододтой хийсэн ярилцлага
С.Байгалмаа: Уртын дуунд ухаангүй дурлажээ
2010 оны 1-р сарын 29 Дуу хуурын өлгий Дундговь нутгийн жаахан бор охин гуравдугаар ангид байхдаа сургуулийнхаа концертод Монгол ардын бэсрэг уртын дуу “Зээргэнэтийн шил” дууг дуулсан нь үзэгч, багш нар, тэр үеийн урлагийн томчуулын анхаарлыг гойд татжээ. Багш нар нь хөөрхөн, эвлэг, чадалтай хоолойтой охиныг даруй сургууль хийлгэж төдхөн л “Уяхан замба тивийн наран” дууг дуулуулснаар түүний уртын дуучин болох үндэс, суурь нь тавигджээ. Балчир наснаасаа л “Том” дуугарч эхэлсэн энэ дуучин Монгол ардын бэсрэг уртын дуу “Ар хөвчийн унага”-даа клип хийлгэх гээд тун завгүй байхад нь уулзаж ярилцлаа.
-Уран бүтээлийн олз омог арвинтай юу. Зав зайгаар маруухан байгаа бололтой?
-Нээрээ зав зайгаар маруухан л байна. Урлагийн хүмүүс зав зайтай байх нь ч бараг цөөн дөө. “Ар хөвчийн унага” дуундаа клип хийлгэх гээд жаахан гүйж байна. Дараа нь Чуулгынхаа дуучин Б.Нэргүйтэй хамтраад Монгол ардын уртын болон богино дууны концерт тоглож бичүүлэхээр төлөвлөөд байгаа.
-Багаасаа л уртын дуу дуулж эхэлсэн гэдэг. Дуулаачийн анги төгсөөд бусадтай адил зохиолын дуу дуулах санаа төрж байв уу?
-Үгүй дээ. Тийм санаа төрж байсангүй. Зохиолын дуу дуулахад зарим хүмүүст амар юм шиг санагддаг байж болно. Тийм биш шүү дээ. Тэгээд ч би хар багаасаа дуулж эхэлсэн болохоор уртын дуундаа хайртай. Нэг үгээр хэлбэл уртын дуунд би ухаангүй дурлажээ, Сонсолгүй, дуулахгүй, аялахгүйгээр нэг ч өдөр байж чадахгүй нь.
-Уртын дуунд ухаангүй дурлаад буй бүсгүйн удам сударт шаггүй зэгсэн дуучид бий гэж сонссон. Хэн гээч багшийн гарын шавь бэ?
-Говийн гавьяатуудын гурав нь манай ээжийн төрсөн дүү нар. Тийм болохоор удам сайтай гэж хэлж болно. Ээж маань мал маллаад хөдөө гарчихсан болохоос биш манай нагац нараас ч илүү авьяастай, хол явах байсан гэж хөгшчүүл, нутгийн учир мэдэх хүмүүс ярьдаг юм. Монгол улсын хөдөлмөрийн баатар, зууны манлай уртын дуучин Б.Норовбанзад гуай даа. Тайзан дээр гарахын өмнө багшийгаа нэг дурсаад гарахад сайхан байдаг шүү.
-Гурван гавьяатыг дурьдвал?
-Монгол улсын гавьяат жүжигчин А.Дашпэлжээ, А.Нэргүй, А.Дүнжмаа гэж.
-Урын сандаа хичнээн дуутай болсон бол?
-”Хэрлэнгийн барьяа”, “Уяхан замба тивийн наран”, “Ар хөвчийн унага”, “Зээргэнтийн шил” гээд уртын болон бэсрэг уртын нийлсэн 40-өөд дуутай.
-Хэдэн онд хаана ямар сургууль төгсөв. Ажлынхаа гарааг хаанаас эхэлсэн бэ?
-Би 1996 онд Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангийг төгсөөд Ардын дуу бүжгийн “Жамух” чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байгаад 2001 оноос Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад ажиллаж байна. Тэгэхээр хөдөлмөрийн гараагаа “Жамух” чуулгаас эхэлсэн гэсэн үг.
-Сургууль төгссөнийхөө дараа гадаадын олон оронд очиж тоглосон гэж сонссон?
-Япон, Хятад, Герман, Солонгост очиж тоглож байсан.
-Гадаадынхан манай хөөмий, морин хуур, тэр тусмаа уртын дууг маш их сонирхдог, бараг монголчуудаас илүү хүлээж авдаг гэж сонссон?
-Гадаадынхан их сайн хүлээж авдаг. Хэл мэдэхгүй хэрнээ ойлгоод байгаа ч юм уу. Ойлгохыг хичээгээд байгаа ч юм уу. Дуулж байхад ямарч чимээ гардаггүй. Дуулаад дуусахад ямар их алга ташдаг гээч. Үнэхээр монголчуудаас илүү дотно, сайн хүлээж авдаг шиг санагддаг.
-Түрүүн Чуулгынхаа дуучин Б.Нэргүйтэй хамтраад концерт хийж бичүүлнэ гэж ярьсан. Ер нь сургууль төгссөнөөсөө хойш тайлан ч юмуу, бие даасан тоглолт хийв үү. Хэрэв хийгээгүй бол дан уртын дууны концерт хийх үү?
- Манай чуулгын дуучин Б.Нэргүй саяхан болж өнгөрсөн богино дуу дуулаачдын улсын уралдаанд оролцож тусгай байрын шагнал хүртсэн. Мөн манай чуулгын дуучин Н.Нямдаваа, И.Бүгдмэдэх, Б.Нэргүй бид дөрөв 2003 онд хамтарсан тоглолт хийсэн. Энэ нь дөрвөн өөр чиглэлээр дуулдаг, жишээ нь Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Н.Нямдаваа дуурь, И.Бүгдмэдэх болохоор эстрад, Б.Нэргүй Монгол ардын дуу, би уртын дуу гээд үнэхээр дөрвөн өөр урсгал байгаа биз.
-Яагаад дөрвөн өөр чиглэлээр дуулдаг дуучдыг хамтарсан тоглолт хийлгэсэн юм бол?
-Дөрвүүлээ нэг жил ар араасаа цувраад тус чуулгад дуучнаар орсон юм. Туршлагатай сайн багш нар нэг бодлын биднийг хэр өсөж өндийж явааг өөрсдөд нь харуулсан, таниулж мэдрүүлсэн гэсэн үг л дээ. Бид дөрвийн хамтарч хийсэн уран бүтээл үнэхээр урлаг ойлгодог, мэдэрдэг хүн битгий хэл маруухан хүн ч ойлгохоор тийм сайхан тоглолт болсон. Санаачлага гаргаж бидэнд өөрсдийнхөө чадвар чансаа ямар байгааг мэдрүүлсэн тэр үеийн чуулгын удирдлага, Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн хурандаа И.Төмөрбат, чуулгын уран сайхны удирдагч дэд хурандаа Б.Ганхуяг, ерөнхий удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн, дэд хурандаа Т.Эрдэнэ-Очир нартаа талархаж байдгаа хэлэх хэрэгтэй байхаа.
-Хүний сайн нь л урлагийн хүмүүстэй гэр бүл болдог гэж зарим ахмадууд ярьж байхыг сонссон. Өөрийн чинь хань, гэр бүлийн тухай сонирхвол?
-Миний хань Монгол эр хүн ямар ааш аяг төрхтэй байдаг билээ тийм хүн. Нээрээ л урлагийн хүнийг сайн ойлгож, хийсэн бүтээснийг нь үнэлж цэгнэж, нэг ёсны хамгийн шудрага үзэгч бол хань минь. Миний хань Д.Ганбат “Даймонд” хамгаалалтын албанд ажилладаг. Охин Уянга-Эгшиг 97 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч.
-Охиноо эх хүний нүдээр биш урлагийн хүний нүдээр харахад авьяас байх юм уу?
-Охинд минь авьяас бий. Ажиглагддаг, гэхдээ одоо арай жаахан байна. Суурь боловсролд нь илүү анхаарах хэрэгтэй байх.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Уншигчдынхаа өмнөөс уран бүтээлийн их амжилт хүсье.
-Баярлалаа. Сүүлийн үед танай сониныг сайн уншиж байгаа. Залуу эрч хүчтэй зоригтой олон сайхан сэтгүүлчид байдаг юм билээ. Танай хамт олонд ч гэсэн үг нь үнэн, үзэг нь хурц байхыг хүсье.
2:48 AM
|
Төрөл:
Мэдээ
|
0 Сэтгэгдэл::
Post a Comment